IdeaPlus Podcast

IdeaPlus Podcast

Share

Шинэ санаа, бодит туршлага хуваалцах подкаст, видео контентууд

02/09/2025

Тэрбумтнуудын бүтэлгүйтсэн түүхүүд

Амжилтад хүрэхэд азнаас илүү тэсвэр тэвчээр чухал байх нь бий. Дараах тэрбумтнуудад байдаг нэгэн нийтлэг зүйл бол уналт бүтэлгүйтлээс эргэн босох ур чадвар юм.

📍Уоррен Баффет

Агуу Уоррен Баффет хүртэл хэд хэдэн удаа хальтирч байлаа. 1951 онд тэрбээр Sinclair Texaco шатахуун түгээх станцыг худалдан авсан ч ашигтай ажиллаж чадаагүй байна. Гэхдээ 1962 он гэхэд Баффет саятан болчихсон байлаа. Тэр үед ч түүнд суралцах зүйл дутуу хэвээр байсан юм.

1962 онд Баффет Нью-Инглэнд дэх нэхмэлийн бизнес Berkshire Hathaway-ийн хувьцааг анх худалдаж авчээ. Гэтэл аваад төд удалгүй компани уруудаж эхэлсэн байна. Тэгээд Баффет хувьцаагаа эргүүлэн зарахаар Гүйцэтгэх захирал Сибери Стантонтой хэлцэл хийжээ. Гарын үсэг зуруулах бичиг баримт ширээн дээр нь ирэх үед өнөөх Стантон гэрээний нөхцөлийг өөрчилж, нэгж хувьцааны үнийг анхны саналаас 12.5 центээр доогуур тогтоосон байгааг Баффет олж мэдэв. Галзууртлаа уурласан Баффет хувьцаагаа зарахын оронд компанийн хяналтыг авах хангалттай тооны хувьцаа худалдаж авахаар шийдэв. Яагаад гэхээр Стантоныг халахын тулд.

Үүний дараа байдал дээрдсэнгүй, Баффет Berkshire Hathaway-ийн явцгүй нэхмэлийн бизнесийг 20 жил ажиллуулсны эцэст сая нэг эцсийн замд нь үдсэн байна. Өдгөөр тэрбээр энэ шийдвэрээ “200 тэрбум долларын алдаа” гэж нэрийддэг. Berkhire-ийн цөм бизнес ийнхүү бүтэлгүйтсэн ч энэ цагийн хамгийн агуу хөрөнгө оруулалтын фирмүүдийн нэг болж өөрчлөгдсөнийг та бид мэдэх билээ.

📍Ларри Эллисон

Тэрбумтан Ларри Эллисон өөрийн экс захирал Боб Майний хамт Oracle компанийг 1977 онд байгуулж байжээ. 1980 он гэхэд Oracle амжилтын зах зухаас атгаагүй хэвээр байсан тул Эллисон орон сууцаа зарж шинэ зээл авахаас өөр аргагүй болсон аж.

Тухайн үед Эллисон бууж өгөх талаар бодсонгүй. Өгөгдлийн бааз-программын хэл SQL-д төвлөрсөн IBM-ийн судалгааг шинээр бичсэнийхээ дараа тэрбээр компанийнхаа зорилгыг өөрчилж, 1980-аад онд зах зээлд ноёрхож байсан бизнесийн программ хангамж хөгжүүлж эхэлсэн байна. Гэсэн хэдий ч харилцагчдынхаа захиалгыг гүйцэлдүүлж чадахгүй, программууд нь алдаа ихтэй байсны улмаас Oracle 1990 онд дахин дампуурлын ирмэгт очжээ. Хариуд нь Эллисон компанийнхаа санхүүг ном журманд нь оруулахын тулд бараг бүх ажилтнаа халж, харин бүтээгдэхүүнийг нь зарж байсан борлуулалтын ажилтнуудын цалинг нэмсэн байна. 1995 он гэхэд Oracle $2.5 тэрбумын орлоготой ажилласан юм.

📍Майкл Блумберг

Salomon Brothers хөрөнгө оруулалтын банкнаас халагдсан ажилтнуудын нэг нь Майкл Блумберг байлаа. Тэр үедээ Блумберг өөрийн гэсэн компаниа байгуулъя гэж шийджээ. “Учир нь хэн ч надад ажлын санал өгөөгүй. Магадгүй би ажил хайхад хэтэрхий бардам байсан байх. Тэгээд л яагаад өөрөө компани байгуулж болохгүй гэж бодсон” хэмээн тэрбээр дурссан байдаг. Дараагийн гурван жилийн хугацаанд Блумберг санхүү, өгөгдөл, медиад төвлөрсөн компаниа төгөлдөржүүлсэн юм. Нью-Йоркийн ирээдүйн захирагчийн хувьд ажлаасаа халагдсан нь ийнхүү амжилтын эхлэл болсон байна.

Анх Merrill Lynch алдарт Terminal-аас нь 20 ширхэгийг худалдан авсан нь Bloomberg-ийн эргэлтийн цэг байжээ. “Анхны жилдээ хүндрэлийн талаар огт боддоггүй. Хоёр дахь жил жинхэнэ хэцүү байдаг. Харин гурав дахь жилээс хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэлнэ” хэмээн Блумберг ярьж байжээ.

📍Ларри Пэйж

1998 онд Ларри Пэйж 1-ийн ард 100 тэгтэй тоог илэрхийлдэг “googol” нэршлээс санаа авсан Google хэмээх хайлтын жижигхэн программ хамтран бүтээжээ. Өнөө цагт Google интернэт үйлчилгээ, бүтээгдэхүүний хамгийн том компаниудын нэг болсон ч замналд нь цөөн хэдэн алдаа гарсан байна. Wave, SearchWiki, Jaiku зэргийг та санаж байна уу? 2001 онд компанийнхаа гүйцэтгэх захирал болсон Пэйж “хүмүүстэй ажиллах хэсэг дээр байх ёстойгоосоо их боломж алдсан байх” хэмээж байжээ. Ийм л учраас Google-ийн сошиал платформууд Facebook-тэй зэрэгцэх хэмжээний амжилтад хэзээ ч хүрч байгаагүй юм.

📍Жефф Безос

1994 онд Жефф Безос Нью-Йорк дахь тухтай амьдралаа орхиж, интернэтээр ном зарахын тулд Сиэтлд шилжин суурьшжээ. Amazon-ийн эхний өдрүүдэд зам нь нэлээн донсолгоотой байлаа. Тухайлбал анхны нэр нь болох Cadabra-г заримдаа хүмүүс “cadaver” буюу “цогцос” гэж буруу сонсож байв. Бас нэгэн нүсэр алдаа гарсныг Безос дурсахдаа “Хэрэглэгч хасах тоогоор ном захиалж болдгийг бид олж мэдсэн. Картанд нь номны мөнгийг буцаан хийгээд хэрэглэгч номоо хэзээ шуудангаар эргүүлж явуулахыг хүлээж суудаг байлаа” хэмээжээ.

Он жил өнгөрөх тусам Безос энэ мэтийн алдаандаа сайжруулалт хийж, эрсдэл хүлээж байсан нь үр ашгаа өгчээ. Өнөөдөр Amazon дэлхийн хамгийн том онлайн худалдааны бизнес болсон байна. Гэхдээ энэ амжилтаас үл хамааран Amazon мэр сэр алдаа гаргасаар байгаа. Тухайлбал унадаг дугуйгаар хүргэлт хийх kozmo.com, асуулт хариултын вебсайт Askville, Groupon-той өрсөлдүүлэхийг зорьсон LivingSocial зэрэг бүтэлгүйтсэн бизнесүүд компанийн замналд бий.

Эх сурвалж: HBR

Want your public figure to be the top-listed Public Figure in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Ulaanbaatar